
“Диспетчерийн үндэсний төв” ХХК-ийн санаачлагаар Эрдэс баялаг, эрчим хүчний яам, “Диспетчерийн үндэсний төв” ХХК хамтран “Эрдэс баялаг, эрчим хүчний салбарын байгууллагуудын мэдээллийн технологийн чиглэлээр ажиллаж байгаа ажилтан, албан хаагчдын уулзалтыг 2010 оны 6 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулав.
Уулзалтад салбарын “ДҮТ” ХХК, ЭХЗГ, ЭХГ, “ДЦС-4” ХК, “ДЦС-3” ХК, “ДЦС-2” ХК, “УБЦТС” ХК, “ТБЦДС” ХК зэрэг байгууллагын 30 орчим мэргэжилтэн оролцлоо.
Тус уулзалтын үеэр Эрдэс баялаг, эрчим хүчний салбарын мэдээллийн технологийн өнөөгийн байдал цаашдын зорилго, мөн “Эрдэс баялаг, эрчим хүчний салбарт баримтлах мэдээллийн технологи (МТ)-ийн бодлого /2010-2015 он/”-ын баримт бичгийн төслийн талаар оролцогчид санал бодлоо солилцсоны дүнд уг бичиг баримтыг батлуулан, салбарын хэмжээнд мөрдөх нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрч байгууллага, аж ахуй нэгж компаниуд өөрийн саналыг дахин тусган 2010 оны 8 дугаар сарын 1-ний дотор Эрдэс баялаг, эрчим хүчний яаманд хүргүүлэхээр болов.
Эрчим хүчний салбарын хөгжил нь Мэдээллийн технологийн ололт дэвшлээс ихээхэн хамааралтай бөгөөд цаашид энэ чиглэлийг өргөжүүлэн хөгжүүлэх шаардлагатай байна гэсэн саналыг уулзалтад оролцогчдоос гарч байв.
Уулзалтад оролцогчид дараах зорилтыг дэвшүүлэв. Үүнд:
• Эрдэс баялаг, эрчим хүчний салбарын Мэдээллийн технологийн нууцлал, хамгаалалтыг сайжруулах;
• Байгууллага, аж ахуй нэгж компаниудад тусгай зориулалтаар ашиглагдаж байгаа болон цаашид авч ашиглах, худалдан авахаар бэлтгэж байгаа “Тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмж, програм хангамж”-ийн нэгдсэн нэг стандарт, дүрэм журамтай байх;
• Мэдээллийн технологийн дэвшилтэт техник, тоног төхөөрөмж авахад хөрөнгө мөнгө их шаардлагатай ч эхний ээлжинд хөрөнгө бага зарцуулах ажлыг хийх шаардлагатай байна. Иймд Эрчим хүчний портал вэб http://www.energy.mn/ сайтыг загвар дизайныг шинээр хийж цаг тухайд нь мэдээ мэдээллээр тасралтгүй хангаж байхаар болов.
ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ