Улаанбаатар хот
Эрдэс баялаг, эрчим хүчний салбарын Удирдах ажилтны зөвлөлгөөний Нэгдсэн хуралдаанаас дараах зорилтыг дэвшүүлж байна. Үүнд:
Нэг. Геологийн салбарын хүрээнд:
1.“Эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого”, “Эрдэс баялгийн салбарыг 2021 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулж, батлуулах;
2.Геологийн зураглал, тандан судалгаа, геофизик, геохими, гидрогеологи, геоэкологийн болон бусад региональ судалгааны ажлыг эрчимжүүлэн шинжлэх ухааны үндэслэлтэйгээр төлөвлөж, төрийн санхүүжилттэй үндэсний геологийн байгууллага, мэргэжилтний хүчээр шат дараалан гүйцэтгэсний үндсэн дээр Монгол орны нутаг дэвсгэрийн геологийн тогтоц, ашигт малтмалын тархалт, байршлын зүй тогтолыг судлан ерөнхий үнэлгээг бүс нутгийн хэмжээнд өгч, улсын төсвөөс геологийн региональ судалгаанд зарцуулах хөрөнгийн хэмжээг жил бүр тогтвортой өсгөн нэмэгдүүлэх;
3.Улсын геологийн 1:200 000-ны масштабын иж бүрдэл зураг зохиох, нарийвчлан баяжуулах ажил, региональ геофизикийн болон геохимийн зураглалыг нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд, 1:50 000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлыг тектоник, металлогенийн болон эдийн засгийн бүс, хилийн дагуух талбайн хэмжээнд тус тус гүйцэтгэх ба хүндийн хүчний орны судалгаагаар газрын тос, байгалийн хий агуулж болох бүтцүүдийг тогтоох, агаарын геофизикийн цогцолбор судалгаа, нутаг дэвсгэрийн экологи-геологийн орчны өөрчлөлтийг судлах геоэкологи, гидрогеологийн судалгааг ерөнхийгөөс нарийвчлан үе шаттайгаар хийх;
4.Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд гүйцэтгэж байгаа бүх төрлийн геологи, эрдэс баялгийн судалгааны ажлын үр дүнг олон улсын жишгийн дагуу стандартын шаардлагад нийцсэн аргачлалаар нэгтгэн боловсруулж, үндэсний геомэдээллийн санг иж бүрнээр бүрдүүлэх.
Хоёр. Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын хүрээнд:
1.Эрдэс баялгийн салбарт дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хөгжлийн бизнесийн таатай орчныг бүрдүүлэн, татвар, санхүү, хөрөнгө оруулалт, зохицуулалтын тогтвортой орчныг хууль тогтоомжийн хүрээнд бүрдүүлэх;
2.Зэс, цайр, алт, мөнгө, төмөр, нүүрс, жонш, хөнгөн цагаан, уран зэрэг эрдэс түүхий эдийн боловсруулах үйлдвэрлэлийг үе шаттайгаар хөгжүүлж, шинэ нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжин, нэмүү өртөг шингэсэн болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоодын хэрэгцээг хангаж, экспортыг нэмэгдүүлэн ажлын байрыг шинээр бий болгох;
3.Стратегийн болон томоохон орд газруудыг түшиглүүлэн дэд бүтэц хөгжсөн бүсэд дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг татаж уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн бааз суурийг цогцолброор барьж байгуулах асуудлыг чиглэл болгож цогцолбор дагасан жижиг, дунд үйлдвэрлэлийн үндэс суурийг бий болгон хөгжүүлэх;
4.Уул уурхайн үйл ажиллагаа, ялангуяа уурхайг нээх, хаах үеийн горимыг олон улсын стандартад нийцүүлж, байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай хариуцлагатай уул уурхайн зарчмыг хэвшүүлэх ба уул уурхайн салбарт хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм, журам, стандартыг үйл ажиллагааны тэргүүн чиглэл болгож, байгаль орчин, хүний амь нас, эрүүл мэндийг дээдэлсэн жишиг салбар болгох нөхцлийг бий болгох;
5.Байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай, хүрээлэн буй орчинд аюулгүй бичил уурхайн хэлбэрээр ашигт малтмал олборлох хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгон хувиараа ашигт малтмал олборлох үйл ажиллагааг хянан зохицуулж, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох;
6.Уул уурхай, хүнд үйлдвэрийн цогцолборыг барьж байгуулахад Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, орон нутгийг тогтвортой хөгжүүлэх, байгаль орчинд ээлтэй байх бодлогыг цогцоор хэрэгжүүлэх;
7.Эрдэс баялгийн салбарт шинжлэх ухааны ололт, дэвшилтэт техник технологийг судалж нэвтрүүлэх тогтолцоог төрөөс дэмжин хувийн хэвшлийн оролцоотойгоор хөгжүүлэх.
Гурав. Түлшний салбарын хүрээнд:
1.Нүүрснээс шингэн түлш, шатдаг хий, экологийн цэвэр түлш гарган авч эх орны хэрэгцээгээ бүрэн хангах, хэтийн хугацаанд цахилгаан эрчим хүч, кокс-хими, нүүрс-химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлох;
2.Нүүрсний цэвэр технологийн цахилгаан станцуудыг барих, нүүрсний шатдаг хий, нүүрсний давхаргын метан хий, кокс-хими, нүүрс-химийн бүтээгдэхүүн, экологийн цэвэр шахмал түлшний үйлдвэрлэлийг тэргүүлэх ач холбогдолтой салбарын жагсаалтад хамруулж, хөрөнгө оруулах сонирхлыг татах, хөрөнгө оруулалтаа найдвартай эргүүлэн олж авахад чиглэгдсэн хууль, эрх зүй, татвар, санхүүгийн таатай орчинг бүрдүүлэх;
3.“Газрын тосны салбарт төрөөс баримтлах бодлого, 2015 он хүртэлх үйл ажиллагааны үндсэн чиглэл”-ийг батлуулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох;
4. Газрын тосны бүтээгдэхүүний агуулах, шатахуун түгээх станцуудын болон хийн барилга, байгууламжийн техник, технологийг шинэчилсэн үндэсний стандарт, норм болон олон улсын жишигт хүргэх талаар анхаарч тодорхой техникийн шинэчлэлийн ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулах;
5.Монгол улсад боловсруулах үйлдвэр барих урьдчилсан техник эдийн засгийн үндэслэлийн үнэлгээг хөндлөнгийн зөвлөх компаниар хийлгэх;
6.Хийн түлшний салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагуудыг дэмжиж, аюулгүй ажиллагааг сайжруулах, хийн түлшний салбарыг хөгжих хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох;
7.Хийн түлшний хэрэглээг нэмэгдүүлж, агаарын бохирдлыг бууруулахад чиглэгдсэн хийн хангамжийн төслийг хэрэгжүүлэх;
8.Монгол орны хийн нөөцийг тогтоох, хайгуул судалгааны ажлыг эрчимжүүлэх.
Дөрөв. Эрчим хүчний салбарын хүрээнд:
1.Эрчим хүчний салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох ажлын хүрээнд “Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”, “Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль”-ийн төслүүдийг боловсруулж, батлуулах;
2.Эрчим хүчний хөгжлийн чиг хандлагын хүрээнд “Эрчим хүчний мастер төлөвлөгөө”, “Эрчим хүчний бодлогын баримт бичиг”-ийг боловсруулах, “Эрчим хүчний нэгдсэн систем” болон бусад хөтөлбөр, бодлогын арга хэмжээнүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлэх;
3.Монгол Улсын Засгийн газраас 2010 оныг “Бизнесийн шинэтгэлийн жил” болгон зарласантай холбогдуулж эрчим хүчний салбарыг “Менежментийн шинэтгэл, үр ашгийн жил” болгон зарлах;
4.Түлш, эрчим хүчний салбарын аюулгүй, хэвийн найдвартай ажиллагааг хангах зорилгоор техникийн шинэчлэл хийх, шинэ үеийн дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх;
5.Түлш, эрчим хүчний салбарын санхүү, эдийн засгийн чадавхийг сайжруулах ажлын хүрээнд эрчим хүчний үнэ тарифын тогтолцоог боловсронгуй болгох, өр авлагыг бууруулах зохицуулалтын арга хэмжээ авах;
6.Эрчим хүчний салбарыг экспортын чиг баримжаатай салбар болгон хөгжүүлэх бэлтгэл ажлыг хангах
Зөвлөлгөөний төлөөлөгчид