Эрх зүйн орчин  |   Цаг үе, үйл явдал  |   Ярилцлага, хэлсэн үг  |   Дүрстэй мэдээ  |   Диспетчерийн мэдээ  |   Үнэ ханшийн мэдээ  |   Статистик мэдээ  |   Тендер  |   Тусгай зөвшөөрөл  |   И-мэйл    
Хэрэглэгч танд 
Холбоо барих
Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,  Нэгдсэн Үндэстний Гудамж - 5/1, Засгийн Газрын II дугаар байр, Эрдэс баялаг, эрчим хүчний яам
И-мэйл:  info@mmre.energy.mn
Утас: 51-261511
Факс: 976-11-318169
http://www.mmre.energy.mn/
Вэбийн статистик
Та манай вэбийн 2010-04-01-с хойших 42906 дахь зочин боллоо.
1. 38.107.191.119  
2. 66.249.71.34  
3. 182.160.43.4  
4. 38.107.191.118  
5. 202.126.91.60  
6. 38.107.191.115  
Манай вэбийн онлайн хэрэглэгчийн нийт тоо: 6
Цаг үе, үйл явдал 
Эрдэс баялаг, эрчим хүчний салбарын удирдах ажилтны зөвлөлгөөн боллоо
2010 оны 5-р сарын 14
      Эрдэс баялаг, эрчим хүчний удирдах ажилтны зөвлөлгөөн тавдугаар сарын 12-14-ний өдрүүдэд болж байна. Зөвлөлгөөн Геологийн, Эрчим хүчний, Газрын тосны салбар хуралдаанаар эхэлсэн бол өнөөдөр нэгдсэн хуралдаан болж байгаа юм.
      Эрдэс баялаг, эрчим хүчний удирдах ажилтны зөвлөлгөөн нь уул уурхай, геологи, эрчим хүч, газрын тосны чиглэлийн тулгамдсан асуудлаар салбарын удирдах ажилтнууд, хувийн хувшлийн байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачдын дунд нээлттэй хэлэлцүүлэг явуулж, салбар хуралдаанаас гарсан дүгнэлтийг нэгтгэн зорилт болгон дэвшүүлж байгаа юм.
       Зөвлөлгөөний үеэр тухайн салбарын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар холбогдох бодлогын газрын дарга нар илтгэл тавилаа. Мөн салбарын эрдэмтэд ч хөгжлийн чиг хандлага, гадаадын орнуудын туршлагын талаар илтгэл тавьсан.
       Салбар хуралдааны үеэр эрчим хүчний салбарыг зах зээлийн харилцаанд шилжүүлэх талаар түлхүү анхаарч, санхүү эдийн засгийн чадавхийг дээшлүүлж, өөрөө өөрийгөө авч явах чадвартай болгох талаар асуудлыг эрчим хүчний салбар хуралдаан дээр хөндсөн.
       Геологийн салбар хуралдаанаар “Эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого”-ыг боловсруулж батлуулах, үндэсний геомэдээлийн санг иж бүрнээр бүрдүүлэх тухай асуудлаас эхлээд ярилцлаа.
      Газрын тосны салбар хуралдаанаар салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хийн түлшний хэрэглээг нэмэгдүүлж, агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн хийн хангамжийн төслийг хэрэгжүүлэх талаар анхаарч ажиллахаар салбар хуралдаанд оролцсон ажилтнууд санал бодлоо нэгтгэлээ.
       Нэгдсэн хуралдаанд Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Ашигт малтмалын газар, Газрын тосны газар, Эрчим хүчний газар болон орон нутгийн төрийн өмчит компаниуд болон хувийн хэвшлийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн 350 оролцогч санал бодлоо солилцов. Ийнхүү цаашид хэрэгжүүлэх бодлогын зорилт, чиг хандлагаа тодорхойлон хэлэлцэхэд уг зөвлөлгөөний ач холбогдол оршиж байна.

    Эрдэс баялаг, эрчим хүчний салбарын удирдах ажилтны зөвлөлгөөн дээр Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтын тавьсан илтгэл

ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ЗОРИЛТ
 
         Эрхэм хүндэт хатагтай, ноёд оо!
         Эрдэс баялаг, эрчим хүчний салбарт хамтран зүтгэж буй нөхөд өө!

        Эрдэс баялаг, эрчим хүчний салбарын удирдах ажилтны зөвлөлгөөнд хүрэлцэн ирсэн хүндэт төлөөлөгч та бүхэнд чин сэтгэлийн халуун мэнд хүргэе!

       Манай салбар нь улс орны эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулж байгаа. 2009 оны байдлаар ДНБ-ний 25 хувийг, экспортын 80 гаруй хувийг тус тус бүрдүүлж, нийт 41000 гаруй хүн ажил амьдралаа манай салбартай холбон хөдөлмөрлөж байна. Эдийн засгийн шилжилт, хямралын амаргүй үед манай салбар ачааны хүндийг үүрч, улс орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж ирлээ.

        Үүнд та бүгдийн оруулсан хувь нэмэр, гавъяа зүтгэл их билээ. Тавьсан зорилго, эрхэлсэн ажлаа бүтээлч хөдөлмөрийнхөө дүнд нэр төртэй биелүүлж байгаа эрдэс баялаг, эрчим хүчний яам, салбарын агентлаг, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын нийт хамт олонд Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын зөвлөлийн нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж байгааг хүлээн авна уу.

        Ингээд салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын зорилтын талаар ЭБЭХ-ний сайдын зөвлөлийн байр суурийг илэрхийлье.

        Нэг. Геологийн салбарын талаар

        Геологийн судалгааны ажлыг явуулсны дүнд Монгол орны нутаг дэвсгэрийн 99.9 хувьд геологийн 1:200 000 масштабын зураглал, 27.1 хувьд 1:50 000 масштабын зураглал, эрлийн ажил хийгдлээ. Хүндийн хүчний 1:1 000 000 масштабын зураглал 100 хувь, Хүндийн хүчний 1:200 000 масштабын зураглал 22 хувь, Агаарын соронзон 1:200 000 масштабын зураглал 60 хувь, 1:50 000-1:25 000 масштабын агаарын геофизикийн цогцолбор судалгаа 32 хувьд хүрсэн байна. Монгол орны геологийн тогтоц ба ашигт малтмалын байршлын зүй тогтлыг тодруулан 80 гаруй төрлийн 1170 гаруй орд, 7500 орчим илрэл, геофизик, геохимийн олон мянган гажил, эрдэсжсэн цэгүүдийг тогтоосон байна.
       Үе үеийн геологичдын судалгаа шинжилгээний ажлын үр дүнд Эрдэнэтийн овоогийн зэс-молибден, Бор-Өндөр, Бэрх, Зүүн цагаан дэлийн хайлуур жонш, Бороо, Толгойт, Заамарын алт, Төмөртэйн овоо, Цавын холимог металл, Налайх, Шарын гол, Шивээ-Овоо, Таван толгой, Төгрөг нуур, Бага нуурын нүүрс, Хөтөл, Дарханы шохойн чулуу зэрэг олон ордыг нээн илрүүлсэн.
       2008 оны сүүлийн хагас жилээс улбаалсан эдийн засгийн хямралын үед улсын төсвөөр хийгдэх геологийн судалгааны ажил эрс буурч 2 тэрбум төгрөг хүрэхгүй болсноор шинээр хэрэгжүүлэх шаардлагатай хэд хэдэн төсөл зогсонги байдалд орсон. Гэвч яамнаас 2010 онд 4 тэрбум орчим төгрөг байхаар төлөвлөж, батлуулан ажиллаж байна. Ингэснээр 2010 онд геологийн 1:50 000-ны масштабын зураглал, ерөнхий эрлийн ажлыг шинээр 10 төслөөр баяжуулах, нийт 25412.7 кв.км нутаг дэвсгэр хамрагдаж, “Геологи, уул уурхайн салбарын талаар ойрын жилүүдэд баримтлах чиглэл”-ийн тухай Засгийн газрын 2002 оны 103 дугаар тогтоолд заасны дагуу “... 2010 он гэхэд нийт нутаг дэвсгэрийн 30 хувьд 1:50 000-ны масштабтай геологийн зураглалд хамруулах” зорилт биелэгдэх боломжтой боллоо.
        Цаашид геологийн салбарт бодлогын томоохон зорилт дэвшүүлж хэрэгжүүлэх шаардлагатай байна.
        Үүнд юуны өмнө олон улсад тогтсон жишгийн дагуу, Монгол улсын геологийн салбарын баялаг туршлагад үндэслэж үндэсний геологийн албыг байгуулан бэхжүүлэх нь туйлын их ач холбогдолтой гэж үзэж байна. 1990 оноос хойш геологийн салбарт томоохон өөрчлөлт, ахиц гарсан ч геологийн нэгдмэл удирдлага, зохион байгуулалттай алба устаж үгүй болсон нь салбарын хөгжилд ихээхэн сөрөг нөлөө үзүүлсэн. Үндэсний албыш сэргээн байгуулснаар геологи, эрдэс баялгийн судалгааны ажлыг нэгдсэн удирдлага, бодлого, чиглэл, төлөвлөлт, гүйцэтгэл, хяналт, зохицуулалтаар хангах бололцоотой болно. Салбарын боловсон хүчний нөөцийг бэхжүүлж, орчин үеийн тэргүүний техник, технологи болон материаллаг бааз суурийг ханган сайжруулснаар зураглал, тандан судалгаа, геофизик, геохими, гидрогеологи, геоэкологийн болон бусад региональ судалгааны ажлыг эрчимжүүлэн шинжлэх ухааны үндэслэлтэйгээр төлөвлөх нөхцөл бололцоо бүрдэх юм. Үндэсний геологийн албыг бий болгох санал санаачилгыг дэмжиж, мэргэжлийн холбоо, ахмад геологчид маань хамтран энэ талаарх санал боловсруулах ажлын хэсэг байгуулж, яам агентлагтай нэгдэн ажиллахыг уриалж байна. Энэ талаар багагүй яригдаж байгаа боловч өнөөг хүртэл цэгцтэй бодлого, хэтийн төлөвлөгөөгөө боловсруулаагүй байгаа яам, агентлагын асуудлыг хариуцсан түшмэд, холбогдох газрууд хариуцлагатай дүгнэлт хийж, өөрийн үйл ажиллагаандаа шүүмжлэлтэй хандах хэрэгтэй юм.
        Улсын төсвөөс геологийн судалгаанд зарцуулах хөрөнгийн хэмжээг жил бүр тогтвортой өсгөн нэмэгдүүлэх чиглэлийг Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас баримтлана. Геологийн 150000-ны масштабын зураглал, ерөнхий эрлийн ажлыг эдийн засгийн бүсчлэл, дэд бүтцийг харгалзан тодорхой тектоник, металлогийн бүсүүдийн хэмжээнд үргэлжлүүлэн хэрэгжүүлэн, нутаг дэвсгэрийн геологи, ашигт малтмалын судалгаа хийж, ерөнхий үнэлгээ өгөх, геологийн зураглал, геофизик, геохими, гидрогеологи, геоэкологи болон бусад сэдэвчилсэн судалгааны ажлыг төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх нь зүйтэй юм.
        Төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, бүтэц зохион байгуулалтыг сайжруулахын зэрэгцээ геологийн судалгааны ажлын чанарыг сайжруулж, энэ салбарт баримтлах стандартыг шинэчлэх цаг болсон. Үүнд салбарын шинжлэх ухааны байгууллага, яам, агентлаг онцгой анхаарах ёстой.
         Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд гүйцэтгэж байгаа бүх төрлийн геологи, эрдэс баялгийн судалгааны ажлын үр дүнг олон улсын жишгийн дагуу стандартын шаардлагад нийцсэн аргачлалаар нэгтгэн боловсруулж, үндэсний геомэдээллийн санг иж бүрнээр бүрдүүлж, баяжуулан хэрэглэгчдийг мэдээллээр хангах талаар ажиллах ёстой. Үүнтэй холбогдуулан геологийн инженерийн мэргэжлийн зэрэг, цол олгох бие даасан тогтолцоог төрөөс дэмжихэд анхаарах хэрэгтэй байна.
          Óлсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх шинжлэх ухааны үндэслэлтэй зураглалын болон сэдэвчилсэн хайгуулын судалгааны ажлыг нэмэгдүүлэх, сэргээх шаардлагатай байна. Иймд зураглалын ажил гүйцэтгэсэн талбайд стратегийн хөрөнгө оруулагчтай хамтарсан төсөл хэрэгжүүлэх замаар геологийн салбарын төрийн өмчит улсын үйлдвэрийн газруудад үйл ажиллагаагаа эрчимжүүлэх чиглэлийг баримтлана.
   
         Хоёр. Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын талаар

        Уул уурхайн салбарын хувьд нэг зүйл маш тодорхой, ойлгомжтой байгаа. Уул уурхайн салбар нь ойрын болон дунд хугацаандаа Монгол улсын эдийн засгийн тэргүүлэх салбар байх бөгөөд хөгжлийн хурдыг эрчимжүүлэх үндсэн хөдөлгүүр байх болно. Харин энэ салбар нь өөрийн түүхэн үүргээ бүрэн биелүүлж, эдийн засгийн хөгжлийг хурдасгаж, ард олондоо үр шимийг нь бүрэн хүргэх эсэх нь энд байгаа салбарын бодлогыг бодож боловсруулж, тооцолж судалж, өдөр тутам хэрэгжүүлэн удирдаж байгаа бид бүгдээс ихээхэн шалтгаалах юм. Энэ салбарын нүүр царай, ноён нурууг та бид авч яваа. Цаг үеийн элдэв уриа лозунг, салхи шуурганд автагдан, сэтгэлийн хөөрлөөр эсвэл ашиг хонжоонд автагдаж салбарынхаа ирээдүйг бүрхэгдүүлэх эрх бидэнд байхгүй. Харин уул уурхайн салбарын урт хугацааны хөгжлийн эрх ашигт бид бүгдийн үйл ажиллагаа, дэвшүүлж буй зорилт захирагдах учиртай.
        Монгол улс ихээхэн баялагтай улс мөн. Гэхдээ дэлхийд байгалийн баялагтай цорын ганц улс биш бөгөөд уул уурхайн салбар асар их хурдаар хөгжиж байна гэвэл бас үнэнд бүрэн нийцэхгүй. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2009 оны 11 сарын 23-ны өдөр Эрдэс баялаг, эрчим хүчний салбарын төлөөлөлтэй хийсэн ‘Шинэ аж үйлдвэржилт, ажлын байрны баталгаа” сэдэвт уулзалтын үеэр уул уурхайн салбар нь хэдий Монгол Улсын эдийн засгийн тулгуур багана болоод дотоодын нийт бүтээгдэхүүний ихээхэн хувийг үйлдвэрлэж байгаа боловч 1960, 1970, 1980-аад онд ашиглалтад орсон томоохон үйлдвэрүүдэд өнөөдрийг хүртэл тулгуурлан хөгжиж байгааг онцлон тэмдэглэсэн.
        Байдал яагаад ийм байгаагийн шалтгааныг бид сайтар ярилцах ёстой. Монгол орны нутаг дэвсгэрийн хэмжээнд 2010 оны 04 дүгээр сарын 20-ний өдрийн байдлаар нийтдээ 38.7 сая га талбайг хамарсан ашигт малтмалын 4762 тусгай зөвшөөрөл, үүнээс 479.4 мянган га талбай бүхий 1105 ашиглалтын тусгай зөвшөөрөл, 38.2 сая га талбай бүхий 3657 хайгуулын тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна. Нийт нутаг дэвсгэрийн 0.3 хувийг ашиглалтын, 24.4 хувийг хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбай эзэлж, нийт 24.7 хувьд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгогдсон байна. Ашигт малтмалын хуулийг 1994 онд баталж, 1997 шинэчилж, 2006 онд дахин шинэчиллээ.
        Лиценз олгосноор, хууль олон баталснаар энэ салбар огцом хөгжихгүй байгаа нь тодорхой байна. Оюу толгой хэдий хэрүүл дагуулж, нийгмийг талцуулж тэр чигээр нь уурхайчин болгосон ч үүнээс өөр томоохон хөрөнгө оруулалт хийгдэж байгаа орд газар хуруу дарам цөөн байна. Муу ч сайн ч энд ажил явах нь. Харин бусад нь яагаад хөдлөхгүй байна? Бид юуг буруу хийгээд байна?
       Салбар нь өөрийн түүхэн үүрэг хариуцлагаа бүрэн хэрэгжүүлэхийн тулд юу юуны өмнө ойлгомжтой, тогтвортой, олон улсын болон бүс нутгийн хэмжээнд өрсөлдөх чадвартай хууль эрхзүй, татварын орчин хэрэгтэй гэж үзэж байна. Энэ хууль эрхзүйн орчныг дагаж хөрөнгө мөнгө дотоод, гадаадаас энэ салбарт орж, мэргэжил боловсролтой боловсон хүчин төвлөрнө. Тэгэж байж салбар хөгжинө гэдгийг хэнээр ч хэлүүлэлтгүй та бүгд мэдэж байгаа. Түүнээс биш тэнд уурхай босгоно, энд уурхай барина гэж тунхагласнаар ажил урагшлахгүй.
       Үүнд юу юуны өмнө яам, агентлаг, салбарын байгууллагуудын үйл ажиллагаа захирагдах ёстой. Энэ үзэл баримтлалын хүрээнд “Эрдэс баялгын талаар төрөөс баримтлах бодлого”-ын баримт бичгийг боловсруулж, яамдуудаас санал авахаар хүргүүлсэн. Салбарын эрдэмтэн судлаачид, холбоод баримт бичгийн талаар нэгдсэн саналаа өгнө гэдэгт найдаж байна.
        Бодлогын хүрээнд яамны хувьд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг тэргүүн ээлжинд ашиглахын зэрэгцээ стратегийн бус орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, уул уурхайн салбарын экспортыг нэмэгдүүлэхэд түлхүү анхаарах болно.
        Салбарын хэмжээнд тавигдах дараах томоохон зорилт нь ашигт малтмалыг түүхийгээр экспортлохыг үе шаттайгаар багасгах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилт юм. Бид бүх ашигт малтмалыг өнөөдөр бүрэн боловсруулах биш, үе шаттайгаар гол нэр төрлийн ашигт малтмалыг боловсруулахад бодлогын дэмжлэг үзүүлэх ёстой.
       Зэс, цайр, алт, мөнгө, төмөр, нүүрс, хөнгөн цагаан, жонш, уран зэрэг ашигт малтмалыг боловсруулах үйлдвэрлэлийг үе шаттай хөгжүүлж, нэмүү өртөг шингэсэн болон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоодын хэрэгцээг хангаж, экспортыг нэмэгдүүлнэ.
       Тэгэхдээ энэ нь хоосон яриа, уриа байх ёсгүй гэдгийг асуудал хариуцсан газар, агентлаг сайтар ойлгох ёстой. Өнөөдөр бид зах зээлийн нийгэмд нэгэнт шилжсэн тул хөрөнгө оруулагчид төрийн тодорхой бодлого, дохионд татагдаж ажиллана. Хэрэв нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл явуулах бодлого байгаа бол энэ нь татварын тодорхой хөнгөлөлт, зарим талаараа шахалт дарамтаар илэрхийлэгдэж, хөрөнгө оруулалт хийх зээлийн бодлогын хүүгээр дэмжигдэж, төрөөс санхүүжих дэд бүтэц, хүний нөөцийн бодлогоор тэтгэгдэх ёстой. Нэгэнт халуун ам бүлээрээ ярилцаж байгаа учир өнөөдөр энэ бодлогоо боловсруулж чадаж байна уу гэдэгт тодорхой албан тушаалтнууд дүгнэлт хийж, цаашдын алхамаа тунгаах ёстой. Цаг хугацаатай үүрэг өгөгдсөн байгаа.
       Уул уурхайн салбарыг байгаль орчинд хамгийн бага хор хөнөөлтэй, ил тод, нийгмийн хариуцлагатай байдлаар хөгжүүлэхэд бид онцгой анхаарах ёстой. Байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай орчин үеийн дэвшилтэт техник технологийг хэрхэн татвар, технологи шилжүүлэх бодлогоор дэмжихийг сайтар бодож, нарийн шийдэл олох хэрэгтэй байна. Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын олон улсын санаачлагыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, уул уурхайн үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн бүх нэгжийн улс, орон нутагт оруулах орлогыг ил тод болгон хөндлөнгийн аудитаар баталгаажуулах арга хэмжээ авах нь зүйтэй. Уул уурхайн аж ахуйн нэгжүүдийн нийгмийн хариуцлагатай үйл ажиллагааны стандартыг гаргаж, нийтэд зарлан хөрөнгө оруулагчдыг хамруулахад холбоод хамтран ажиллахыг уриалж байна.
       Өнөөдөр манай улсад 35 мянга гаруй хүн 18 аймгийн 57 орчим сумын 101 гаруй цэгт алт, жонш, нүүрс, гянтболд болон бусад ашигт малтмалыг бичил уурхайн аргаар олборлож байна. Эдгээр хүмүүсийг хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах боломжийг хангах нь зүйтэй. Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс “Ашигт малтмалын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах замаар хувиараа ашигт малтмал олборлогчдын үйл ажиллагааг журмаар зохицуулах тухай хууль, журмын төслийг боловсруулж, хэлэлцүүлэн УИХ-д өргөн барихад бэлэн болоод байна.
        Манай уул уурхайн салбарынхан энэ оны 03 дугаар сард “Уул уурхайн улсын нэгдсэн” чуулга, уулзалтыг зохион байгуулж, салбарын өмнө тулгамдаж байгаа олон асуудлаар санал бодлоо илэрхийлж, харилцан санал солилцсон нь үр дүнгээ өгсөн. Тодорхой санал ч гарсан. Тэгэхдээ дээр дурдсан асуудлаар дахин санал бодлоо солилцож, Эрдэс баялгийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийн талаар нэгдмэл санал гаргахыг та бүгдэд дахин санал болгож байна.
 
        Гурав. Түлшний салбарын талаар

       Өнөөдөр манай улсад нүүрсийг эрчим хүчний үйлдвэрлэлийн үндсэн түүхий эдийн хэлбэрээр ашиглаж байгаа бөгөөд улсын хэмжээний цахилгаан, дулаан үйлдвэрлэлийн 90 гаруй хувийг зөвхөн нүүрс ашиглан үйлдвэрлэж байна.
       Төрийн өмч давамгайлсан “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК, орон нутгийн өмч давамгайлсан “Тавантолгой”, “Баянтээг”, “Могойнгол” ХК-ууд, хувийн болон гадаадын хөрөнгө оруулалттай “Чинхуа-Нарийн сухайт” ХХК, “МАК” ХХК, “Саусгоби Сэндс” ХХК, “Тавантолгой” ХК, “Энержи ресурс” ХХК зэрэг нүүрс олборлох 40 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагаас “Багануур” ХК, “Шивээ-Овоо” ХК-ууд нь улсын нүүрсний хэрэгцээний 60 хувийг олборлож, төвийн эрчим хүчний системд харьяалагддаг дулааны цахилгаан станцуудыг нүүрсээр хангаж байна. Багануур, Шивээ-Овоогийн уурхайд төрөөс сүүлийн олон жилд анх удаа томоохон олон тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийлээ.
        Улсын хэмжээнд 2009 онд 13.2 сая тонн нүүрс олборлож, 7.5 сая тонн нүүрс экспортлосон байна. Нүүрс олборлох үйл ажиллагаа явуулж байгаа “Чинхуа-МАК-Нарийн сухайт” ХХК, “Саусгоби Сэндс” ХХК, Монголын Алт” ХХК, “Тавантолгой” ХК, “Энержи ресурс” ХХК-ууд нь 2005 онд улсын хэмжээнд 2,3 сая тонн нүүрс экспортолж байсан бол 2009 онд 7.5 сая тонн болж нэмэгдсэн байна. 2010 онд 10 компани 16.9 сая тонн нүүрсийг экспортлохоор төлөвлөн ажиллаж байна.
       “ДЦС-2” ТӨХК-ийг түшиглэн хагас коксон түлшний үйлдвэр байгуулахаар холбогдох тооцоо судалгааг гүйцэтгэсэн бөгөөд 2010 оны улсын төсөвт үйлдвэрийг байгуулахад зориулж 17 тэрбум төгрөгийн хөрөнгийг тусгасан. Хагас коксжуулсан түлшний үйлдвэр байгуулснаар жилд 200 000 тн хагас коксон түлш үйлдвэрлэж, 1 өрх айл хүйтний улиралд 3 тн хагас коксон түлш хэрэглэнэ гэж үзвэл 50-80 мянган өрх буюу нийт гэр хорооллын 30-50 хувийг хангах боломж бүрдэж, цэвэр түлшний хэрэглээг бий болгох юм.
        Сүүлийн жилүүдэд газрын тосны салбарт хөрөнгө оруулалт эрс нэмэгдснээр хайгуулын ажил эрчимжиж түүхий тосны олборлолтын хэмжээ жилээс жилд нэмэгдэж байна. Газрын тосны олборлолт 1998 онд туршилтын журмаар эхэлснээс хойш 2010 оны 04 дүгээр сарын байдлаар 5,97 сая баррель тос олборлож, 5,76 сая баррель тос экспортлоод байна.
        Газрын тосны хайгуул, судалгааны ажлыг эрчимжүүлэх, олборлолтыг нэмэгдүүлэх, дотоодын түүхий эдэд тулгуурласан газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах, газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээг тогтвортой хангах, газрын тосны бүтээгдэхүүний чанарын хяналтын тогтолцоог бүрдүүлэх зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэхээр “Газрын тосны салбарт төрөөс баримтлах бодлого, 2015 он хүртэлх үйл ажиллагааны үндсэн чиглэл”-ийг шинэчлэн боловсруулж, яамдуудын саналыг авахаар хүргүүллээ.
        Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсгийг байгуулж, хуулийн төсөл, үзэл баримтлалыг боловсруулж, Засгийн газарт оруулахаар бэлэн болголоо.
        Шингэрүүлсэн шатдаг хийг манай улсад 1998 оноос импортолж эхэлсэн бөгөөд Засгийн газрын 2006 оны 140 дүгээр тогтоолоор батлагдсан “Шингэрүүлсэн шатдаг хий” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хэрэглэгчийн тоо аймгуудад 15000, УБ хотод 7000 гаруй байгаа нь 2000 онтой харьцуулахад 18 дахин өссөн байна.
        Цаашид түлшний салбарын чиглэлээр нүүрсний үнийг өөрийн өртгөө нөхөн алдагдалгүй ажиллах хэмжээнд нэмэх асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай байна. Үнийг зах зээлийн ханшийн өөрчлөлттэй уялдуулан гулсах үнийн тарифаар тооцон мөрдөж ажиллах нь зүйтэй юм. Ингэснээр үнэ нэмэхэд үүсдэг хүндрэл арилж, жил бүр аргачлалын дагуу нэмэгдүүлэх, эсвэл бууруулах асуудлыг шийдвэрлэж, хэрэглэгчдэд дарамт учруулахгүй байх боломж бүрдэнэ гэж үзэж байна.
        Нүүрсний салбарыг хөгжүүлэх бодлогын хүрээнд Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн техникийн шинэчлэлийг үргэлжлүүлж, нүүрсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, цаашдын тогтвортой хөгжлийг хангахын тулд Шарынголын уурхайн технологийг шинэчлэх ажил зүй ёсоор тавигдаж байна.
        Бүс нутгийн хөгжлийн хэтийн чиглэл, тухайн орон нутагт мэдэгдэж байгаа нүүрсний орд илэрцүүдийн байршил, ашиглалтын нөхцөл тогтолцоог харгалзан ойрын жилүүдэд Шивээ-Овоо, Адуунчулуун, Тавантолгой, Нүүрстхотгор, Баянтээг, Нарийнсухайт зэрэг ордоос нүүрсний олборлолтыг нэмэгдүүлж нүүрсний хангамжийг сайжруулах шаардлагатай байна.
        Тавантолгойн коксжих нүүрсний ордыг эхний ээлжинд ашиглалтад оруулж, цахилгаан станц барьж говийн бүсийн цахилгааны хэрэгцээг хангахын зэрэгцээ кокс-химийн цогцолбор барих боломжийг эрэлхийлэн энэ бүс нутагт уул уурхайн үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах талаар олон улсын санхүүгийн байгууллагууд, хөрөнгө оруулагчдын татан оруулах арга хэмжээг зохион байгуулна.
         Нүүрсийг иж бүрэн боловсруулалт хийдэг дэвшилтэд техник технологийг нэвтрүүлж, байгаль орчинд хор багатай хатуу, шингэн түлш гарган авах, түүнийг өргөн хэрэглээнд хэрэглэж томоохон хотуудын агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана.
         Энд дахин дээр хэлсэн санаагаа давтах нь зүй ёсны хэрэг юм. Нүүрс боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилт нэгэнт тавигдаж байгаа тул бодит бодлогоор дэмжигдэх ёстой. ТЭЗҮ-ийн ажлыг дэмжих, олон тэрбумын хөрөнгө оруулалт шаардсан энэ салбарт татварын таатай орчин бүрдүүлэх, хүний нөөцийг бэлтгэх учиртай.   Үүнийг холбогдох газар, агентлаг онцгой анхаарахгүй бол дэвшүүлж буй зорилт маань хий хоосон уриа, яриа хэвээр үлдэнэ.
         Ãàçðûí òîñíû ñàëáàðûí õóóëü, ýðõ ç¿éí îð÷èíã сайжруулах замаар газрын тосны ãåîëîãèéí ñóäàëãàà, хайгуулûí ажлыг эрчимжүүлýí ¿íäýñíèé ¿éëäâýðëýëèéí áààç ñóóðèéã áèé áîëãîж ордыг ашиглалтанд шилжүүлýõ, îëáîðëîлòыг эрчимжүүлэх чиглэлийг нэн тэргүүн тавьж ажиллана.
        Газрын тосны бүтээгдэхүүнээр дотоодын зах зээлийг тогтвортой хангах, цаашид экспортлох, бàéãàëü îð÷íûã õàìãààëàõ, íºõºí ñýðãýýõ, á¿ñ íóòãèéã õºãæ¿¿ëýõ, гàçðûí òîсны салбарын иж бүрэн мэдээллийн сан бүрдүүлэх, гàçðûí òîñíû ñàëáàðûí ìýðãýæëèéí áîëîâñîí õ¿÷èí áýëòãýõ, äàâòàí ñóðãàõ, мэргэшүүлэхэд анхаарна.
         Дотоодын зах зээлд газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хомсдол үүссэн нөхцөлд төрийн чухал үйлчилгээний хэрэгцээнд зориулах, үнийн огцом өсөлтийг саармагжуулах зорилгоор газрын тосны бүтээгдэхүүний улсын болон компанийн нөөц бүрдүүлэх ажлыг зохион байгуулах, газрын тосны улсын нөөцийн бүтээгдэхүүнийг хадгалах дэвшилтэт техник, технологи бүхий улсын мэдлийн агуулах барих талаар арга хэмжээ авна.
  
         Дөрөв. Эрчим хүчний салбарын талаар

        Өнгөрсөн 2009, 2010 оны өвөл эрс хүйтэрч сүүлийн 40 жилд болж байгаагүй хүйтэн өвөл болж өнгөрсөн боловч манай эрчим хүчний салбарын хамт олон хариуцсан ажил үүргээ амжилттай биелүүлж, өвлийг давлаа. Гэвч бидэнд эрчим хүчний чиглэлээр хийх, шийдвэрлэх асуудал нэлээдгүй байна.
         2009 оны 12 дугаар сард яамнаас “Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд, салбарын хөгжлийн бодлого, хууль эрх зүйн орчин” сэдэвт уулзалтыг зохион байгуулж, эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар УИХ-ын гишүүд, холбогдох төлөөллийг оролцуулан хэлэлцэж, салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, түлш, эрчим хүчний салбарын санхүү, эдийн засгийн чадавхийг сайжруулах чиглэлээр УИХ, Засгийн газраас бодитой туслалцаа, дэмжлэг авч хамтран ажиллах нь зүйтэй гэж үзсэн.
         2010 оны төсвийн хөрөнгө оруулалтаар эрчим хүчний салбар дахь Төрийн өмчит хувьцаат компаниудын эрчим хүч, дулааны алдагдлыг бууруулах зорилгоор 15 тэрбум төгрөгийн татаасыг анх удаа Засгийн газраас олголоо. Энэ нь манай компаниудад чухал дэмжлэг болсон билээ.
         УИХ-ын 2010 оны 11 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийн хүрээнд Засгийн газрын 2010 оны 86 дугаар тогтоолоор 2010 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит хуулийн этгээдийн жагсаалтыг баталсан бөгөөд энд манай эрчим хүчний зарим үйлдвэр, компаниуд хамрагдсан байна. Энэ нь манай эрчим хүчний салбарт хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх нөхцөл болж байна.
          Хувьсан өөрчлөгдөж байгаа нийгмийн харилцаатай уялдуулан Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, Засгийн газарт оруулахад бэлэн болголоо. Төсөлд эрчим хүчний салбарын эдийн засаг, санхүүгийн чадавхийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, эрчим хүчний үйдвэрлэл, дамжуулалт, түгээлт хангалтын өртгийг үйл ажиллагаа явуулахад шаардагдах болон оруулсан хөрөнгийн өгөөжийг тооцсон ашгийн зохих түвшинг хангасан байх зэрэг олон чухал асуудлыг тусгаад байна.
         Мөн эрчим хүчний салбарын хэтийн хөгжлийн тэргүүлэх чиглэл, стратегийн зорилт, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл, арга хэмжээг тодорхой болгох зорилгоор “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын барим бичиг”-ийн төслийг ҮАБЗ-д хэлэлцүүлэхээр бэлэн болголоо. Баримт бичигт салбарын хөгжлийн тэргүүлэх чиглэлүүдийг эрчим хүчний салбарын найдвартай ажиллагаа, аюулгүй байдлыг хангах, салбарын техник технологийн шинэтгэл хийх, улс орон, бүс нутаг, хөрш орнуудтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, эрчим хүчний салбарын эдийн засгийн чадавхийг дээшлүүлэх гэсэн байдлаар тодорхойлоод байна.
         УИХ-аас 2007 онд Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг баталж, манай улс 2009 онд Олон Улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн гишүүнээр элссэн нь энэ салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах таатай орчныг бүрдүүлж байна.
         Дөргөний усан цахилгаан станц ашиглалтад орж, Тайширын усан цахилгаан станц туршилтын байдлаар ажиллаж байна.
         Засгийн газрын 2009 оны 20 дугаар тогтоолоор 2009-2012 онд түлш, эрчим хүчний салбарт 259,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг үе шаттайгаар хийхээр заасан нь чухал шийдвэр болсон гэж салбарын хамт олон үзэж байгаа бөгөөд түүнийг хэрэгжүүлэх талаар ихээхэн анхаарч, төсөл арга хэмжээг зөв төлөвлөн ажиллах нь чухал байна. Засгийн газраас энэ 2010 оныг бизнесийн орчныг сайжруулах шинэтгэлийн жил болгон зарласантай уялдуулан манай эрчим хүчний компаниуд техникийн болон санхүүгийн чадавхийг бэхжүүлэх талаар шинэлэг ажлуудыг зохион байгуулж, тодорхой үр дүнд хүрч эхэлж байна.
        Цаашид Эрчим хүчний чиглэлийн хууль, эрх зүйн орчныг сайжруулах болон санхүүгийн чадавхийг бэхжүүлэх, техник технологийн шинэчлэлтийг үе шаттайгаар шинэчлэх чиглэлээр дараах арга хэмжээнүүдийг авахаар ажиллаж байна. Үүнд:
• “Эрчим хүчний тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;
• “Эрчим хүчний талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг”;
• Төр-хувийн хэвшлийн түншлэлийн хууль эрх зүйн орчинг сайжруулах;
• “Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль”-ийн төсөл боловсруулан батлуулж, мөрдүүлэх;
• Эрчим хүчний өрсөлдөөнт зах зээлийн загварыг бий болгох.

        Үүний үр дүнд төрийн байгууллагуудын үйл ажиллагааг тодорхой болгох, Эрчим хүчний зохицуулах зөвлөл нь Монгол Улсын нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамарсан үйл ажиллагаа явуулах нөхцлийг бүрдүүлж, эрчим хүчний үнэ тарифыг индекжүүлэх журмыг тодорхой болгож, цахилгаан, дулаан үйлдвэрлэхэд ашиглах түлшний талаар эрх зүйн зохицуулалт сайжирна.
        Түүнчлэн “Эрчим хүчний мастер төлөвлөгөө”-г шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай байна. АХБ-аас “Эрчим хүчний мастер төлөвлөгөө”-г шинэчлэх болон “Эрчим хүчний хэмнэлтийн тухай” хуулийн төслийг боловсруулах зөвлөх үйлчилгээг буцалтгүй тусламжаар үзүүлэхээр шийдвэрлээд ажиллаж байна.
        Улаанбаатар хотын 5 дугаар цахилгаан станц болон Могойн голын нүүрсний ордыг түшиглэн нүүрсээр ажиллах дулааны цахилгаан станцыг барих асуудлыг эрчимжүүлэхийн зэрэгцээ Улаанбаатар-Мандалговь-Тавантолгой-Оюутолгойн 220 кВ-ын ЦДАШ, дэд станцуудыг барьж ашиглалтад оруулах, Таван толгойд 400 МВт-аас доошгүй чадалтай цахилгаан станц барьж төвийн системтэй холбон Говийн бүсийн өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангах хөтөлбөр гарган хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
        Шивээ-Овоогийн орчимд том чадлын цахилгаан станц барьж, эрчим хүч экспортлохоос гадна төвийн эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг хангах, Зүүн бүсийн өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэгцээг хангахын тулд эхний ээлжинд Багануур-Өндөрхаан-Чойбалсангийн 220 кВ-ын ЦДАШ-ыг барих, улмаар тус бүс нутагт Атомын цахилгаан станц барих судалгааг хийх зэрэг томоохон зорилт тавьж байна.

Нөхөд өө,

       Мөн эрдэс баялаг, эрчим хүчний салбарын эрдэм шинжилгээний байгууллагуудыг нэгдсэн бүтэц зохион байгуулалтад оруулах, эрдэм шинжилгээний институтыг байгуулах, боловсон хүчнийг бэлтгэх талаар сургалтын хөтөлбөр гаргаж хэрэгжүүлэх, гадаад, дотоодын их, дээд болон мэрэгжлийн сургуулиудад мэргэжилтэн, мэргэжилтэй ажилчин бэлтгэх, төрийн сан, бусад орны Засгийн газрын тэтгэлэгээр сургах салбарын оюутны тоог нэмэгдүүлэх, боловсон хүчин давтан сургах, мэргэжил ур чадварыг нь хөгжүүлэх, эрэлт хэрэгцээтэй байгаа мэргэжлийн ажилчдыг бэлтгэх замаар гадаадаас авах ажиллах хүчний тоог бууруулах чиглэлийг баримтлан ажиллах нь зүйтэй.
      Салбарын эрдэмтэн мэргэд, удирдлага, төрийн албан хаагчид, ИТА-нууд та бүхэн Эрдэс баялаг, эрчим хүчний салбарт төрөөс баримтлах бодлого, үйл ажиллагааны талаар санал, бодлоо хэлэлцэж, энэ хурлаас шаардлагатай зохих санал зөвлөмж гаргана гэж найдаж байна.
      
        Эрдэс баялаг, эрчим хүчний салбарын удирдах ажилтны зөвлөлгөөний хүндэт төлөөлөгчид өө!

       Эртний түүхт сайхан орныхоо шинэ зууны бүтээн байгуулалт, ирээдүйн Монголын хөгжил, цэцэглэлтийн үндсийг тавих хөгжлийн гараан дээр манлайлагч-санаачлагч-бүтээгч байж, эрүүл энх, урт удаан сайхан амьдрахыг эрдэс баялаг, эрчим хүчний гал голомтын үүдийг сахигч та бүхэндээ хүсэн ерөөе.
 
                                             Анхаарал тавьсан явдалд баярлалаа
 
ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨЛГӨӨНИЙ ИЛТГЭЛҮҮД-ийг эндээс татаж авна уу.
 
©2010 Эрдэс баялаг, эрчим хүчний яам. Бүх эрх хуулиар xамгаалагдсан. Вэбийн дизайн, програмчлалыг AСУ Дисковери ХХК