
Эрдэс баялаг, эрчим хүчний салбарын 2009 оны хамтын хэлэлцээрийн биелэлтийг дүгнэх хурал дөрөвдүгээр сарын 27-нд ЭБЭХЯ-нд боллоо. Жил бүр үр дүнг хэлэлцдэг хуралд төрийн захиргааны байгууллага, ажил олгогч, ажилтны байгууллагын гэсэн гурван талын албаны хүмүүс оролцов.
Гурван талын уулзалтад, ҮЭ-ээс Эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбооны дарга С.Ганболд, “ДЦС-4” ТӨХК-ийн ҮЭ-ийн хорооны дарга З.Пүрэвжил, Геологийн төв лабораторийн ҮЭ-ийн хорооны дарга А.Жаргалсайхан, “Дархан-Сэлэнгэ цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн ҮЭ-ийн хороон дарга Б.Ходонгоо нар оролцсон бол ажил олгогч талаас МУУҮА-ийн ерөнхийлөгч Д.Дамба, “ДЦС-4” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цэвээн нар, харин яамнаас холбогдох газрын дарга, мэргэжилтнүүд талуудыг төлөөлсөн юм.
2009 онд салбарын ажилтнуудын цалин хөлсийг нэмэх шаардлагатай хэдий ч дэлхийн эдийн засгийн хямралын улмаас хэлэлцээрт тодорхой тоо тавилгүй, нээлттэй орхисон байсан. Тэгвэл зарим үйлдвэр аж ахуйн нэгж өөрсдийн санхүүгийн бололцоондоо тулгуурлан 5-30 орчим хувиар нэмэгдүүлснийг энэ үеэр хэллээ. Мөн хамтын гэрээний биелэлтийн мэдээ ирүүлсэн 30 байгууллага нийтдээ 112,4 тэрбум төгрөгийг хамтын гэрээ хэлэлцээрийн хүрээнд зарцуулсан байна. Энэхүү зардлын 63,6 хувийг цалингийн сан эзэлж байгаа бол нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал, олговор, хөнгөлөлт, тэтгэмж, тусламж, орон сууцаар хангах, хөдөлмөр хамгааллын зардал зэрэгт нийт 41 тэрбум төгрөг зарцуулжээ.
Эрдэс баялаг, эрчим хүчний салбарын 2009 оны хэлэлцээрийн биелэлтийг 91,1 хувьтай байна гэж хуралд оролцогчид үзлээ. Хурлын үеэр салбарын ҮЭ-ийн төлөөллийн зүгээс ажилтнуудын цалин нэмэх, ажилчдад орон сууц олгох асуудлыг хөндөж байлаа. Тиймээс ирэх сард болох салбарын удирдах ажилтны зөвлөгөөн дээр уг асуудлыг тавихаар болов.