Монгол улсын Засгийн газрын 2006 оны 99 дүгээр тогтоолоор батлагдсан “Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Стокгольмын конвенцийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх хүрээнд удаан задардаг полихлорт бифенил агуулсан эрчим хүчний тоног төхөөрөмжийн бохирдолтыг нарийвчлан шинжлэх, тооллого явуулж хаягжуулах, тоног төхөөрөмжийг бохирдолтыг ангилж, байгальд ээлтэй аргаар устгахтай холбогдсон төсөл хэрэгжиж уг төслийг Даян Дэлхийн байгаль орчны сан, НҮБ-ын Аж үйлдвэрийн газрын санхүүжилтээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Эрдэс баялаг, эрчим хүчний яамтай хамтран 2009 оны 7 дугаар сараас хойш хэрэгжүүлж эхлээд байна. Төслийг хэрэгжүүлэгч талууд хамтран “Монгол улсад полихлорт бифенилийг байгаль орчинд ээлтэй аргаар устгах менежментийн чадавхийг бий болгох нь” төслийн танилцуулах семинарийг 2010 оны 4 дүгээр сарын 3-4-ний өдрүүдэд Дуган хад амралтын газарт Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Стандарчилал, хэмжилзүйн газар, эрчим хүчний салбарын байгууллага, компаниудын ажилтнуудад зориулан зохион байгуулав.
Семинар дээр Химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал хариуцсан Үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга, Төслийн үндэсний захирал Л.Жаргалсайхан удаан задардаг органик бохирдуулагчийн тухай Стокгольмын Конвенци, полихлорт бифенилийн үйлдвэрлэл, хэрэглээ, химийн шинж чанар, түүний хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийн асуудлаар, Төслийн үндэсний зохицуулагч Р.Ариунбилэг “Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай” үндэсний хөтөлбөр, “Монгол улсад полихлорт бифенилийг байгаль орчинд ээлтэй аргаар устгах менежментийн чадавхийг бий болгох нь” төсөл болон эрчим хүчний салбар дахь полихлорт бифенилийн урьдчилсан тооллогын дүнгийн талаар танилцуулга хийв. Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай хууль эрх зүйн орчин тогтолцоог бүрдүүлэх, холбогдох стандарт, дүрэм, журмыг боловсруулах тухай асуудлаар санал солилцов. Дашрамд дурдахад полихлорт бифенилийн тооллогыг “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ” ТӨХК-д хийж байна.
2010.04.05 Улаанбаатар хот